NSIP

Resources

Title
Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлал ба аялагчдын удирдлага, зохион байгуулалт: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН УДИРДАМЖ
Author(s)
Дугаарыг хянан тохиолдуулсан Юу-Фай Люнг, Анна Спэнсели, Глен Хвеннгаард, Ралф Бакли Цувралыг хянан тохиолдуулсан Греэйг Грөвес
Published
2020
Abstract
Тусгай хамгаалалттай газруудыг аялал жуулчлалаар дэмжих нь Тусгай хамгаалалттай газар нутгууд нь дэлхий нийтийн байгаль хамгаалах стратегид гол байр суурь эзэлдэг билээ. Аялал жуучлал нь аялагчдыг тусгай хамгаалалттай газрын үнэ цэнтэй өвөрмөц байдалтай холбож өгснөөрөө байгаль хамгаалах эерэг хүч болж хувирдаг. Аялагчдын ТХГН-аас олж авсан үр өгөөж нь хувь хүний хөгжилд нөлөөлөхийн зэрэгцээ хамгаалалттай газрын үнэ цэнийг илүү мэдэрч, хамгаалах, дэмжих мэдрэмжийг төрүүлж байдаг. Тусгай хамгаалалттай газрын эдийн засгийн үр ашиг нь үзэсгэлэнт онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад болон нутгийн өвөрмөц соёлоос хамаарахаас гадна эдгээр хүчин зүйлс нь хамгаалалтад авах нэгэн том шалтгаан болдог. Дэлхийн аялал жуулчлалын салбарын нэг том урсгал бол тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлал бөгөөд үзүүлэх нөлөө болон хэмжээ нь асар том юм. Жуулчдын томоохон урсгалаас үүдэн суурь дэд бүтэц болон үйлчилгээний ажиллах нөөц шаардагдаж эхэлдэг ба улмаар эдийн засаг, нийгэм, соёлын салбар болон хүрээлэн буй орчинд нөлөөлж эхэлдэг. Тогтвортой аялал жуулчлалыг бий болгосноор Биологийн олон янз байдлын конвенц (CBD)-ийг хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөө 2011-2020, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Зорилго, болон Аялал жуулчлал ба Соёлын тухай Мускатын тунхаглал (UNWTO and UNESCO, 2017)-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч буруу төлөвлөгдсөн аялал жуулчлал нь эсрэгээрээ хамгаалалттай бүс нутгийн биологийн олон төрөл зүйл болон байгалийн тогтцод сөрөгөөр нөлөөлөх талтай байдаг. Энэхүү удирдамж нь голчлон тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж буй аялал жуулчлалын мэргэжилтнүүд, засаг захиргааныхан, менежерүүд, төлөвлөгчид, засгийн газрын төлөөлөгч нар, төрийн бус байгууллагууд, нутгийн иргэдийн нөхөрлөлүүд, газар эзэмшигчид болон уугуул иргэдэд зориулагдсан юм. IUCN-ийн WCPA-с гаргасан сайн туршлагуудын талаар өмнө нь гарсан 2 цуврал дээр суурилсан энэ удирдамжинд тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалыг удирдлагын төвшинд оновчтой, сайн удирдаж, байгаль хамгаалах зорилгоо хэрэгжүүлэхэд туслах зорилготой болно. Энэхүү удирдамжинд тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалын болоод аялагчдын менежментийн чухал ойлголтуудыг тусгасан болно. Доорх элементүүд нь энэхүү баримт бичигт тусгагдсан хамгийн чухал хэсгүүд юм. Үүнд: 1. Аялал жуулчлал, аялагчдын менежментэд баримтлах 10 зарчмын хэлэлцүүлэг; 2. Тогтвортой аялал жуучлал хөгжсөнөөр ямар ч нөхцөлд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж болдогийг танилцуулсан “Шигтгээ” хаягтай жишээнүүд; 3. Жишээ тус бүрээс авч, ашиглаж болох гол санаа, мэдлэгүүдийг тусгасан “Шилдэг Туршлагуудын Гол Санаа”-нууд; 4. Бүлэг бүрийн төгсгөлд Шилдэг Туршлагын Гол Санаануудыг жагсаасан жагсаалтууд зэрэг болно. Ерөнхий тойм, шилдэг туршлагууд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежерүүдийн хувьд экологийн бүрэн бүтэн байдал, үнэт зүйлсийг алдагдуулахгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдад боловсролын ач холбогдолтой, утга төгөлдөр үр өгөөж өгөх, хамгаалалтын менежментийн орлогыг нэмэгдүүлэх ачаа нь улам бүр нэмэгдсээр байна. Тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалыг удирдан зохион байгуулах нь өндөр хэмжээний ур чадвар, цогц мэдлэгийг шаарддаг. Тус удирдамж нь дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг туршлагуудыг цуглуулж, тэдгээрийг хэрэглэж болох газруудад сурталчилан таниулахад чиглэсэн юм. Бидний гол зорилго бол байгаль орчныг хамгаалах үйл явцыг урт удаан хугацаанд, орон нутгийн болон бүс нутгийн хэмжээнд дэмжсэн тогтвортой аялал жуулчлалын хэлбэрийг сурталчилахад оршино. Нэгдүгээр бүлэгт ТХГН-ийн аялал жуулчлалын ерөнхий ойлголтууд, дэлхий нийтийн байгаль хамгааллын үйлсэд оруулах боломжтой хувь нэмэр, менежменттэй холбоотой сорил, бэрхшээлүүдийн талаар танилцуулна. ТХГН дахь аялал жуулчлалын шилдэг туршлагуудаас гол шинж чанаруудыг нь гаргаж тавьсан болно. Тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлал нь хүрээлэн буй орчин, эдийн засаг, нутгийн ард иргэд болон жуулчдад олон нөлөө үзүүлдэг. Хоёрдугаар бүлэгт өөр өөр үнэ цэнтэй оролцогч талууд аялал жуулчлалаас гардаг эерэг ба сөрөг нөлөөг хэрхэн хүлээн авч болдог талаар хураангуйлсан байгаа. Шилдэг туршлагууд нь дараах шинж чанарыг үзүүлсэн байдаг: • Байгаль хамгаалахад хувь нэмэр оруулдаг үндэсний аялал жуулчлалын бодлогыг дэмжиж, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон орон нутгийн иргэдэд эдийн засгийн үр өгөөжийг бий болгодог. • Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг зах зээлтэй нь холбон дэмждэг. • Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээг хүргэх чиглэлээр бизнесийг хөгжүүлэх, менежментийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг. • ТХГН дахь амралт, зугаалгын үйл ажиллагааг нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцүүлж, олон нийтийг хамарсан том зорилтуудыг хангахын төлөө шинээр төлөвлөдөг. Судалгаа шинжилгээ болон практик туршлагаас суралцсан зүйлс дээр үндэслэн аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлэхэд олон нийт болон нутгийн иргэдийн дэмжлэгийг нэмэгдүүлэх 10 зарчмыг тодорхойлсон байна. Гуравдугаар бүлэгт 1-6 хүртэлх зарчмуудыг хэлэлцэхдээ ТХГН-ийн менежментийн зорилтуудыг аялал жуулчлалын эерэг ба сөрөг нөлөөллүүдтэй хэрхэн уялдуулах талаар тусгасан байна. Энэ бүлэгт аялал жуулчлалын дэд бүтэц, арилжааны аялал жуулчлал болон аялагчдын ашиглалтын менежментийг зөв зүйтэй төлөвлөх нь ямар ач тустай байдгийг үзүүлжээ. Энэ хэсэгт дурдсан шилдэг туршлагууд нь дараах зүйлсийг агуулна: • Тухайн байршил дахь бүтээн байгуулалтын дизайн болон барилгын ажлыг төлөвлөхдөө байгаль орчинд үзүүлэх нөлөө нь хамгийн бага, урт удаан хугацаанд ашиглагдах, дахин боловсруулах боломжтой, хүртээмжтэй, тогтвортой материалууд сонгох. • ТХГН-ийн баримталдаг үнэ цэнэ, зорилго зорилтууд, холбогдох шалгуур үзүүлэлтүүд, стандартад суурилсан менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх. Дөрөвдүгээр бүлэгт тогтвортой аялал жуулчлалын дасан зохицох менежменттэй холбоотой 7-оос 10-р зарчмуудыг оруулжээ. Эдгээр зарчмууд нь аялагчдын хэрэгцээ шаардлага, туршлага, нөлөөлөл, иргэдийн оролцоо, түншлэл, боловсрол, харилцаа холбоо, мэдээллийн технологи ба маркетингийг хянах шинэлэг аргууд дээр илүү төвлөрнө. Дасан зохиох менежментийн шилдэг жишээнүүдэд дараах орно: • Судлаач иргэн болон бусад хөтөлбөрөөр дамжуулан сайн дурын ажилтнуудын ур чадвар, урам зоригийг менежментийн үйл ажиллагаанд ашиглах. • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн мониторингийг шаардлагатай техник технологи, санхүүгийн хангалттай үүсвэртэй уялдуулан холбох. • Ямар үнэ цэнийг хамгаалж буйгаа ойлгосны үндсэн дээр үйл ажиллагаагаа тодорхойлж, менежментийн тохирох арга зам, практик туршлагуудыг хэрэглэдэг байх. • Байгаль орчны боловсрол олгох, мэдээлэн тайлбарлах хөтөлбөрүүдэд ТХГН-ийн аль үнэт зүйлсийг сонгохоо стратегийн төвшинд төлөвлөх. • Байгаль орчны боловсрол олгох, мэдээлэн таниулах хөтөлбөрүүдэд ТХГН-ийн аль үнэт зүйлсийг сонгохдоо стратегийн түвшинд төлөвлөх. • Аялагчдад дэлхий дахинд болж буй ижил төстэй асуудал бэрхшээлүүдийг ойлгуулан тайлбарлах замаар асуудлын өргөн цар хүрээг ойлгуулж байх. • Маркетинг, сурталчилгааны стратеги гаргахаасаа өмнө судалгаа, анализаар дамжуулан оршин суугчдын талаар гүнзгий ойлголттой болох. • Аялал жуулчлал, түүний нөлөөллийн бодлого, төлөвлөлт, менежментийн, мониторингийн хүрээг багтаасан аялал жуулчлал, биологийн төрөл зүйлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамжуудыг дагах. Тавдугаар бүлэгт жуулчид, түншлэл, аялал жуулчлалын орлогыг удирдан зохион байгуулах ТХГН-ийн менежер, нутгийн иргэд болон сонирхолын бүлгүүдийн чадавхийг дээшлүүлэхтэй холбоотой асуудлуудыг хөндсөн болно. Чадавхи бэхжүүлэх оролдлого хэр үр ашигтай байх нь ур чадвар, мэдлэгийн нарийвчилсан үнэлгээ хэр сайн хийгдсэн, сургалтын тодорхой зорилтууд, оролцогч талуудын хүлээлт, бүтээлч түншлэл, шаардлагатай техник технологийн ашиглалт хэр байгаа зэргээс хамаардаг. Чадавхи бэхжүүлэхтэй холбоотой шилдэг жишээнүүдэд дараах орно: • Аялал жуулчлалыг газар дээр нь төлөвлөхдөө үзэл баримтлалын загвар, суурь үзүүлэлтүүд, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дасан зохицох менежмент хийх боломж олгосон системд суурилсан үйл ажиллагааг дагаж мөрдөх. • Аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг оролцогч талуудтай хамтран боловсруулах. • Орон нутгийн иргэдийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх чадавхийг үнэлж цэгнэх. • Түншлэлээр гүйцэтгэсэн бүх ажил үйлсийг бүртгэж, хүлээн зөвшөөрсөн байх. Зургаадугаар бүлэгт аялал жуулчлалаар дамжуулан санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болж чадсан дэлхийн ТХГН-уудын жишээг оруулсан бөгөөд тухайн тэргүүн туршлага нь хэрхэн амжилтанд хүрснийг дэлгэрүүлэн тусгасан болно. Эдгээрийн түгээмэл шинж байдал нь санхүүгийн сахилга бат, хураамжийн цогц бодлого, концесс болон бүх төрлийн тусгай зөвшөөрлүүд, орлого хуваарьлах шударга бөгөөд шилэн аргачилалтай байгаа зэргийг агуулж байна. Энэ талын шилдэг туршлагуудад дараах орно: • ТХГН-ийн (эсвэл нийт системийнх нь) нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоохын өмнө бүрэн хэмжээний санхүүгийн үнэлгээг хийх. • Жуулчин болон тур операторуудаас хураамжийн хэмжээний талаар санал асуулга авах. Ижил төстэй орон нутгийн болон бүс нутгийн ТХГ-ийн хураамжийн хэмжээтэй уялдуудах. • Жуулчны үйл ажиллагаа эрхлэгчидтэй байгуулах гэрээнд хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалал, тогтвортой үйл ажиллагааг дэмжих нөхцөл боломжийн талаар оруулж өгөх. • Концессийн гэрээнд нийт ажилчдын тодорхой хувийг орон нутгаас бүрдүүлэх, боломжтой тохиолдолд орлогыг орон нутагт зарцуулах, үйлчилгээний гэрээг орон нутгийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай тусгах. Долоодугаар бүлэгт дэлхийн хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь аялал жуулчлалын эрэлт, аялалын төрөл, ТХГН-ийн ашиглалтын хэв байдлыг хэрхэн өөрчилж байгаа, тэдгээрийн эсрэг ТХГН-ийн менежментийг хэрхэн тохируулан өөрчилж, хор хөнөөлийг нь бууруулсан арга хэмжээ, харилцааны зөв стратеги авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар тус, тус өгүүлнэ.
Keywords
guidelines; protected area management; protected areas; tourism; sustainability; conservation
Additional Notes
translation prepared by IUCN ARO, icw with Wildlife Conservation Society, Mongolia
Full Citation
Дугаарыг хянан тохиолдуулсан Юу-Фай Люнг, Анна Спэнсели, Глен Хвеннгаард, Ралф Бакли Цувралыг хянан тохиолдуулсан Греэйг Грөвес (2020). Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлал ба аялагчдын удирдлага, зохион байгуулалт: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН УДИРДАМЖ. Gland, Switzerland: IUCN, 1-132

Access Full Text



Back

DMX4378100000